Бэлчээрийн тогтвортой ашиглалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд төлөвшүүлэх нарийн чимхлүүр ажлын эхлэл болгож Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төслөөс төрийн байгууллагууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран бэлчээрийн мониторинг-үнэлгээний аргачлалыг шинэчлэх болон бэлчээрийн экологийн нарийвчилсан судалгааг улсын хэмжээнд зохион байгууллаа. 2011 оноос хойш ус, цаг уурын улсын сүлжээнд хамаарах бэлчээрийн мониторингийн 1450 цэг дээр энэхүү шинэчилсэн арга зүй, аргачлалаар цуглуулж боловсруулсан мэдээлэлд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан үүсгэлээ. 2014 оны мэдээнээс үзэхэд бэлчээрийн мониторингийн сүлжээний бүх цэгийн 65 хувийг төлөөлөх бэлчээрийн төлөв байдал, чанар нь тухайн орчныхоо хөрс, уур амьсгалын нөхцөл дэх унаган бүлгэмдлийн боломжит чадавхитай харьцуулахад нэлээд өөрчлөгдөж доройтсон байна.